Монгол орны зүүн бүсийн тулгуур хөгжлийн төв Дорнод аймагт Бүжгийн спортын "Дорнын вальс-2011" тэмцээнийг орон нутгийн удирдлагууд, иргэд, компани, төрийн бус байгууллагуудын дэмжлэг дор маш амжилттай зохион байгууллаа. Чойбалсан хотод тэмцээний тухай сонсоогүй хүн байгаагүй бөгөөд хотын төвөөр "Дорнын вальс-2011" гэсэн сурталчилгааны хуудас бүхий машинууд давхилдаж, тэмцээнийг бөхийн өргөө дүүрэн хүн үзэж бүжигчдэд халуун алга ташилтаа харамгүй хайрласан билээ.
Тэмцээний мэдээллийн ивээн тэтгэгчээр орон нутгийн гурван телевиз хамтран ажиллан бичлэг хийж эфирт цацсан ба ба тэмцээний маргааш TV-6 телевиз МБСХ-ны Тэргүүлэгчдийг студидээ урьж МБСХ-ны үйл ажиллагаа, бүжгийн спортын хөгжил ба ирээдүй, Дорнод аймгийн бүжгийн спортын түвшинг үнэлсэн үнэлгээ, цаашид хэрхэх талаар ярилцлага хийсэн юм.
Тэмцээний маргааш мөн МБСХ-ны багш шүүгчдээс Дорнодын бүжигчдэд үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулсан ба 50 гаруй хүүхэд залуус хамрагдав. Удахгүй нийслэл УБ хотод зохион байгуулагдах МБСХ-ны багш, шүүгчдийн конгресст Дорнод аймгийн бүжгийн спортын холбоо шинэ багш нараа илгээх мэдүүлгээ өглөө. Мөн ирэх 10-р сард МБСХ-ны женсекийг урьж аймагтаа багш, шүүгчдийн сургалт зохион байгуулж, сумдын бүжгийн багш нараа хамруулахаар ярьж тохиролцов.
Тэмцээний үеэр бүжгийн спортод амжилт гаргаж байгаа "Дорнын бүжиг" клубын 10 гаруй хүүхдийн хөдөлмөрийг үнэлж МХО-ны "Эрдэм" мөнгөн медаль гардуулаа.
Дорнод аймагт бүжгийн спортын холбоо байгуулагдах, оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэсэн байгууллага бол Дорнод аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс юм. Энэхүү хэлтэс аймгийн гол клуб болох бүжгийн спортын "Дорнын бүжиг" клубыг заалаар үнэ төлбөргүй хангадаг бөгөөд тус клубт өнөөдөр 100 хүүхэд, залуус бүжгийн спортоор хичээллэж байна. Хэдийгээр үндэс сууриа тавиад хоёрхон жилийн нүүр үзэж байгаа боловч Н.Алтанцэцэг багштай тус клубын тамирчдын техникийн ур чадвар гэрлийн хурдаар ахиж өнөөдөр Монгол улсдаа бүжгийн спортын хөгжлөөрөө эхний дөрөвт багтах аймаг болж чадсан билээ.
Дорнод аймагт бүжгийн спортыг улам үсрэнгүй хөгжүүлэх олон олон боломж байна. Тэднийг Засаг даргын түвшинд дэмжиж, ивээн тэтгэгчээр амгийн биеийн тамир, спортын газар, компани, аж ахуйн нэгжүүд хамтарч байна. Аймгийн төвийн томоохон бизнесменүүдийн хүүхдүүд бүжгийн спортоор хичээллэж, дэмжигчид маш олон байна. Бас нэг том боломж бол тус аймаг хойд хэсгээрээ ОХУ-ын бүжгийн спорт өндөр түвшинд хөгжсөн Чита мужтай, зүүн хэсгээрээ БНХАУ-ны ӨМӨЗО-ны Манжууртай шууд хиллэж байгаа газар зүйн байршил юм. Хамгийн гол нь тэнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Бадамсүрэн шиг Монголынхоо төлөө, ирээдүй болсон хүүхэд залуусынхаа төлөө цохилох зүрхтэй залуус олон байна.