Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

МБСХ-ны 10 жилийн ой ба МБСХ Ерөнхийлөгчийн цомын тэмцээн

МБСХ Монгол улсад бүжгийн спорт үүсч хөгжсөний 10 жилийн ойг 12-р сарын 8,9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр МБСХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит клубуудын багуудын цомын анхдугаар тэмцээн Нийслэл хотын Спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Багуудын цомын тэмцээнийг "МБСХ клубуудын багуудын цомын тэмцээнийг зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулав.

Тэмцээнд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгийн багуудаас гадна Булган аймгаас анх удаа баг ирж оролцлоо. Нийт 11 клубын шигшээ багууд өрсөлдсөнөөс Дархан-Уул аймгийн "Свей" клубын баг түрүүлж МБСХ-ны Ерөнхийлөгчийн тусгайлан хийсэн дахин давтагдашгүй цом, өргөмжлөл, 2 сая төгрөг гардан авсан бол УБ-ын "Авъяас" клуб удаах байр эзэлж өргөмжлөл, 1,5 сая төгрөг, Орхон аймгийн "Виктори" клуб гутгаар байр эзэлж өргөмлөл, 1 сая төгрөгөөр шагнууллаа. 4,5,6-р байр эзэлсэн "Оддын гялбаа", "Вижн данс", "Гуа Үжин" клубын багууд мөн өргөмжлөл, мөнгөн шагнал гардав.
 
МБСХ-ны 10 жилийн ойд БНСУ-ын бүжгийн спортын холбооны бодлогын зохицуулалтын албаны захирал, Инчеоны бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон ба өнөөдөр 14 цаг 30 минутад БТСГ-т МБСХ, Инчеоны бүжгийн спортын холбоод хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.
 
Тэмцээний үеэр Удирдах дээд байгууллагын удирдлагууд ирж Монголын бүжгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан залуу боловсон хүчнүүдэд шагнал гардууллаа. МҮОХ-ны "Олимпийн алдар" одонгоор А.Амармэнд, МҮОХ-ны "Алтан медаль"-аар Д.Ганцог, Д.Ганзориг нарыг шагнасан бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын "Жуух бичиг"-ээр Б.Буянжаргал, М.Батзориг, Н.Мөнх-Эрдэнэ нарыг, "Спортын алдар" тэмдгээр С.Ууганбаяр, Н.Алтанцэцэг нарыг шагнасан байна.
 
Тэмцээний нээлтэн дээр хэдхэн хоногийн өмнө Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас финалд шалгарсан "Стар", "Улаан сарнай" формейшн хамтлагууд ДАШТ-нд бүжиглэсэн бүжгээрээ мэндчилж үзэгчдийг баярлуулсан бол БНСУ-ын 2011 оны Латин бүжгийн дэд аварга, мэргэжлийн хос латины 5 бүжгээ бүжиглэж үзэгчдийг алмайруулав.
 
Тэмцээний дараа "Ривер саундс" клубт МБСХ үүсч байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг АРХИ, ТАМХИГҮЙ зөвхөн ерөөлийн үг хэлэх оргилуун дарстайгаар тэмдэглэв. Хүлээн авалтан дээр "Блэк энд Вайт" хамтлаг ая дуугаа өргөсний дотор тухайн үед бүжгийн спортоор хичээллэн ОУ-ын тэмцээнд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцож байсан К.Уянга латин хэмнэлтэй дуунуудаа дуулж сонор мялаав.
 
Маргааш Спортын төв ордонд 2011 оны Монгол улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн Латин, Стандартын төрөлд, мөн 2011 оны Монгол улсын аварга шалгаруулах Латин ба Стандартын фориейшн (хамтлагийн) тэмцээнүүд зохион байгуулагдана.


Үзсэн: 2908  |   0   2 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2025. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
08:18:10