Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Ө.Үүрийнцолмон: 'Сарны цом-2012' өмнөх өмнөхөөсөө өргөн цар хүрээг хамарсан сайхан болж байна

2012 оны 5 сарын 2-д буюу өчигдөр Буянт-Ухаа спортын ордонд бүжгийн спортын томоохонд тооцогдохуйц “Сарны цом - 2012” тэмцээн амжилттай болж өндөрлөсөн билээ. Тэмцээний үеэр Монгол Улсын спортын мастер, “Улаан сарнай” хамтлагийн бүжигчин Үүрийнцолмонтой уг тэмцээний болон бүжгийн спортын талаар цөөн хэдэн хором ярилцлаа.

Сайн байна уу?Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд бүжгийн спортоор анх хичээллэж эхэлсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Баярлалаа. Миний хувьд ер нь л бүжиглэх үнэхээр сонирхолтой. Анх бүжгийн спортоор хичээллэнэ гэж бодож байгаагүй юм байна. Гэхдээ бүжигчин болно л гэж боддог байсан. Бүжгийн спортоос гадна монгол бүжиг бүжиглэдэг мөн чөлөөт бүжиг, баллетыг сонирхдог ч гэсэн яг тууштай хичээллэх цаг зав ховорхон байдаг. Цэцэрлэгт байхаасаа л цэнгээнт бүжгийг сонирхож “Хаврын баяр”-т орж байлаа. Дараа нь нэг хүүхдийн баяраар ахтайгаа хамт вальс бүжгийн тэмцээнд орж түрүүлээд шагналд нь тэр үед шинээр нээгдэж байсан Мөнгөнхуяг багшийн бүжгийн спортын клубт явах эрхийн бичиг авсан боловч тэр жилдээ явж чадалгүй дараа жилээс нь явж эхэлсэн. Тэгээд л Мөөнөө багшийн шавь нь болж бүжгийн спортоор хичээллээд  10 жил болсон байна.

Бүжгийн спортын талаар ер нь юу гэж боддог вэ? Ашиг тус мэдээж их л байгаа байх?

Тэгэлгүй яахав. Ашиг тус бол маш их л дээ тэр бүгдийг яриад байвал барагдахгүй байхаа. Наад зах нь л гэхэд хүүхдүүд гэлтгүй бүх насныхан энэ спортоор хичээллэвэл чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв өнгөрүүлнэ. Ер нь л бүжгийн спорт гэдэг нь маш агуу цогц бүтээл юмуу гэж ойлгож байгаа. Миний хувьд энэ спортдоо маш их хайртай. Надад маш их юм өгсөн гэж боддог. 

Улаан сарнай” хамтлагийнхаа тухай товчхон ярихгүй юу? Хэзээнээс энэ хамтлагт бүжиглэх болсон бэ?

“Улаан сарнай” хамтлаг маань байгуулагдаад 25 жил болж байгаа. Хамтлагийг маань талийгаач Отгонбаяр багш маань анх дасгалжуулж үүсгэн байгуулж байсан бол одоо Номингэрэл багш маань залгамжлаад дасгалжуулаад явж байна. Би 2009 онд “Улаан сарнай” хамтлагт орсон. Анх 2009 онд “Хаврын баяр”-т ороод 2010 ондоо өнжөөд 2011 оноос хамтлагтайгаа тэмцээн уралдаандаа оролцоод явж байна. Миний ойр дотны гэр бүлийнхнээс маань 3 ч хүн энэ хамтлагт бүжиглэж байсан болоод ч тэр үү ер нь багаасаа л “Улаан сарнай” хамтлагийн шүтэн бишрэгч нь байсан. Манай хамт олон 2011 онд анх удаа дэлхийн аварга шалгаруулах стандартын бүжгийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн. Энэ нь надад болоод манай хамт олонд дараа дараагийн тэмцээн уралдаанд маань маш том сургамжтай, сайхан дурсамжтай үйл явдал байсан.

Яг одоо болж байгаа тэмцээний талаар сэтгэгдэл хэр байна?

Өглөө ирээд л энд өдөржин байсан нэмээд шөнө унтаагүй болохоор жоохон ядарч байгааг эс тооцвол сэтгэгдэл сайхан байна. Ер нь бүжгийн спорт нь эмэгтэй хүнээс эрчүүдийг бодвол арай илүү зүйл шаарддаг юм шиг санагддаг. Жишээлбэл тэмцээний өмнө хувцас, нүүр будалт, үс засалт гээд шаардах зүйл маш олон байдаг. Эрчүүдийн хувьд бол харьцангуй гайгүй юм шиг санагддаг. Тэмцээний тухайд бол урд урдынхаасаа өргөн хүрээг хамарсан сайхан болж байна. Зохион байгуулалтын тал дээр бага зэрэг дутагдалтай тал байна гэж хэлмээр байна. Юу вэ гэхээр тэмцээн маань эхлэх цагтаа эхэлсэнгүй оройтлоо. Цаг барих гэдэг бол Монголчуудын маань хувьд хамгийн том дутагдал юм шиг санагддаг. Дээрээс нь яг ямар ангиллын тэмцээн нь хэзээ, ямар дарааллаар явагдах нь жоохон тодорхой бус тиймэрхүү байлаа. Түүнээс болоод тамирчид маань гэнэт яарч сандран гарах тохиолдол ч гарч байна. Бүжиглэхдээ сэтгэлээрээ бүжиглэдэг болохоор сэтгэл санааны хувьд бэлэн байдал бол маш чухал байдаг л даа. Миний хувьд энэ тэмцээнд хосын төрөлд орж чадаагүй харамсалтай байна. Зөвхөн хамтлагийн төрөлд хамтлагаараа оролцож байна.

Хосын төрөлд яагаад орж чадсангүй вэ?

Хамтрагчийн маань эрүүл мэндийн асуудлаас болоод орж амжсангүй. Гэхдээ дараа дараагийн тэмцээнүүдэд Тамир бид 2 “Line Of Dance” клубийн нэрийн өмнөөс дасгалжуулагч багш Мөнгөнхуягийнхаа нэрийн өмнөөс байнга оролцоод явах зорилготой байгаа.

Өрсөлдөгчдийнхөө талаар юу гэж бодож байна вэ?

Хүчтэй өрсөлдөгчид олон байна. Ер нь өрсөлдөгчтэй байна гэдэг нь өөрөө сайжрах гол хөшүүрэг нь болдог юмуу гэж ойлгодог. Тэмцээн дээр өрсөлдөөн шударга болно гэдэг бас нэг сайхан зүйл байна. Зарим тохиолдолд Монголд ч гадаадын олон улсын тэмцээнд ч тэмцээн шударга болохгүй байх тал ажиглагддаг. Гэхдээ өнөөдрийн тэмцээний хувьд шударга сайхан тэмцээн болноо гэдэгт найдаж байна. Цаашдаа ч шударга өрсөлдөөн гэдэг зүйлийг эрхэмлэж байгаасай гэж хүсдэг.

Саяхан энэ тэмцээний хамгийн сүүлийн бүжгээ бүжиглээд дуусчихлаа. Танай хамтлаг ер нь бэлтгэл хэр байсан бэ? Өөрсдийнхөө санасан хэмжээндээ хүрч бүжиглэж чадсан болуу?

Бэлтгэлийн тухайд бол хамтлаг бүжгийн хувьд хосын төрлийг бодоход хэцүү л дээ. Ирц бүрдэлт гэх мэт асуудал бол их гардаг. Ялангуяа залуучууд насанд хүрэгчдийн ангиллын хувьд бүр ч асуудалтай. Яагаад гэхээр гишүүд нь бүгд л тухай бүрдээ ажилтай, амьдралтай хүмүүс байдаг болохоор зохицуулах ажил маш их гарч ирдэг. Тэмцээний үр дүнгийн тухайд хараахан гараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Шүүгчдийн шийдвэрийг хүлээгээд л байж байна даа.

Ер нь хамтлагаар бүжиглэх, хосоор бүжиглэхийн ялгаатай тал нь юу юм болоо?

Хоёулаа бүжиглэх, 8 хос 16 хүн нэг хамтлаг болоод бүжиглэхэд ялгаатай тал олон л доо. Хамтлаг бол тухайн хүнээс маш олон зүйл шаарддаг. Наад зах нь л хосоор бүжиглэхээс илүү хариуцлагатай байж хайрцаг барилт, нэг хүн шиг жигд байна гэдэг бол маш чухал. Ийм учраас хамтлаг бол үнэхээр хэцүү төрөл юм болуу гэж боддог. Хосын төрөлд бол спорт бүжгэнд гэхэд эмэгтэй нь эрэгтэйгээ дагаад, эрэгтэй нь эмэгтэйгээ удирдаад тухайн цаг мөчид бүжигчин өөрийн сэтгэл хөдлөлөө тайзан дээр илүү тод гаргаж, илүү чөлөөтэй бүжиглэх боломжтой байдаг.

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд танай хамтлаг хамт олноороо амжилттай оролцоод ирсэн. Тэр тэмцээний талаар үлдсэн сэтгэгдлээ хуваалцвал?

Эх орноо төлөөлөөд дэлхийн аваргын тэмцээнд ороод ирсэндээ маш баяртай байдаг. Тэр тэмцээнээс их ч юм сурсан, их ч юм үзсэн, үнэхээр сайхан байсан. Тэмцээний тухайд зохион байгуулалт бол үнэхээр сайтай тэр тусмаа цаг баримталдаг зарчмаараа алдартай Герман улсад болсон болоод ч тэрүү цаг барилт бол үнэхээр гайхалтай байсан. Тэр хамтлаг яг тэдэн цагийн тэдэн минутанд гараад тэдэн цаг тэдэн минутанд дуусна гээд л бүр цаг минут бараг секундээр нь бичих нь холгүй л нарийн зохион байгуулалттай хөтөлбөртэй тэгээд яг тэр журмаараа тэмцээн болдог юм байна лээ. Энэ нь үнэхээр их таалагдсан. Үүнээс гадна тэмцээн болохын өмнөх реклам зар сурталчилгаа, олон нийтэд хүргэж байгаа байдал нь маш сайн байсан. Тиймдээ ч бүжгийн спортыг сонирхож ирж үздэг хичээллэдэг хүмүүс нь маш их байдаг юм байна лээ. Манайд бол арай өөр байдаг. Манайхан бол бүжгийн спортоор хичээллэхийг настайгаа шууд хамааруулан ойлгох нь элбэг байдаг бол тэнд нас бол огт хамаагүй аль болох их юм сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байдаг юм шиг ажиглагдсан.

Энэ удаагийн “Сарны цом” өмнөх жилүүдийн “Сарны цом”-оос ялгаатай онцлог тал ажиглагдаж байна уу?

Энэ жилийн тухайд спортын бүжгийн зориулалтын шалтай зааланд өмнөх өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэйгээр болж байна. Монголд бүжгийн спорт хөгжиж эхлээд 10 жил болж байна. Одоогоор бүжгийн спортыг хөдөө хотгүй хүүхдүүд сонирхоод хичээллээд дэлгэрч байгаа ч гэсэн энэ спортыг сонирхох хүмүүсийн хүрээлэл нь тэдгээр хичээллэж байгаа хүүхдүүдийн гэр бүлээс цаашаа хэтрэхгүй байгаа нь жоохон тиймхэн байдаг. Жишээ нь гэхэд саяхан болоод өнгөрсөн бүх ард түмний бүжгийн спортын их наадам спортын төв ордонд болоход л гэхэд тэр заалны үзэгчийн суудлын талд нь л тэмцээнд орж байгаа бүжигчид дээрээс нь бүжигчдийн ар гэрээс ирсэн хүмүүс л байх шиг харагдсан. Ингээд бодохоор цаашдаа хийж байгаа юмаа, хүний сэтгэлийг татахуйц сайхан зүйл хийж байгаа шүү гэдгээ хүмүүст илүү сайн хүргэж байх хэрэгтэй юм болуу гэж боддог. Өнөөдрийн тэмцээний тухайд өмнөх өмнөхөөсөө өргөн цар хүрээг хамарсан сайхан болж байна.  

Удахгүй тэмцээний ялагчид тодорч дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хамтлаг тодорхой болно. Танай хамтлагийнханд амжилт хүсье. Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцаж сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа.

Баярлалаа.

Б.Үзмээ

Үзсэн: 1734  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
01:58:07