Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Ц.Хонгорзул: Бүжгийн спортоор хичээллэж байгаа хүүхэд залуучууд та нар үнэхээр азтай шүү

TV5” телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн энэ жилийн оролцогчдын нэг болох буудлагын спортын залуучуудын дэлхийн аварга ОУХМ Ц.Хонгорзултай шоуны сүүлийн бүжгээ бүжиглэхийнх нь өмнө цөөн хором ярилцлаа.

Сайн байна уу? Юуны өмнө энэхүү шоунд оролцож өөрийнхөө бас нэгэн далд авьяасаа нээн харуулж байгаа танд баяр хүргэе. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

За баярлалаа. Би “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч, буудлагын спортын тамирчин Ц.Хонгорзул байна.

 

Шоунд оролцох урилга хэрхэн ирэв, тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?

Анх урилга ирэхэд маш их гайхсан. Тэгээд өмнө нь бүжиглэж байгаагүй болохоор өөртөө нэг л итгэлгүй байсан л даа. Өөрийгөө бүжгийн эвсэлтэй гэж боддоггүй байсан ч бүжиглээд үзсэн чинь тийм биш юм байна гэдгээ мэдэрлээ (инээв). Урилга бол гэв гэнэт л нэг өдөр хүрээд ирдэг юм байна лээ. Тиймээс хэнд ч урилга очиж магадгүй болохоор эртнээс бэлтгэлээ хийгээд бэлтгэлтэй байгаарай гэж урлагийнхан болон спортынхондоо хандаж хэлье.

 

Энэ шоуны бас нэгэн зорилго нь та бүхнээр дамжуулан хүмүүст бүжгийн спортын талаар ямар нэгэн сэтгэгдэл төрүүлэх байгаа. Тийм болохоор бүжгийн спортын талаар танд төрсөн сэтгэгдэл ямар байна?

Бүжгийн спорт гэдэг бол үнэхээр гайхамшигтай нэг талаараа гоо сайхан нөгөө талаараа спорт гэсэн зүйлүүдийн нэгдэл шиг санагдсан. Бусад спортын төрлүүд бол зөвхөн спорт гэдэг талаасаа харагддаг бол бүжгийн спорт нь дан ганц спорт биш гоо сайхан талаасаа маш сайхан харагддаг тийм сайхан спорт юм байна. Ер нь бүжгийн спорт гэдэг бол нэг тийм гоё, хээнцэр тансаг ертөнц юм гэдгийг мэдэрлээ. Мөн хөндлөнгөөс харахад бүжгийн спорт нь амархан юм шиг харагддаг ч спорт гэдэг утгаараа хүнээс маш их тэсвэр тэвчээр шаардсан спорт юм байна. Төсөөлбөл бүжгийн спорт нь их өндөр уулын оргилд байгаа маш тансаг хээнцэр нэг зүйл бөгөөд түүнд хүрэхийн тулд маш их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд бүжгийн спортоор хичээллэж байгаа хүүхэд залуучуудад хандаж “Та нар үнэхээр АЗТАЙ” гэж харин хичээллээгүй байгаа хүүхэд залуучуудад “Та нар АЗТАЙ БОЛООРОЙ” гэж хэлмээр байна. Энэ спортоор хичээллэснээр гоо сайхныг мэдрэхийн хажуугаар спорт хүнийг яаж хүмүүжүүлдэг тэр л хүмүүжлийг олж авч чаднаа гэж бодож байна. Тийм болохоор энэ спортоор заавал хичээллээд үзээрэй гэж хэлмээр байна даа.

 

Бүжгийн спорт нь ер нь багийн спорт гэж явдаг. Тийм болохоор та хамтрагчаа болон дасгалжуулагчаа танилцуулахгүй юу?

Тэгэлгүй яахав. Би өөрийгөө бас их азтай гэж бодож байгаа. Яагаад гэвэл маш мундаг багш мөн маш мундаг, чадварлаг хамтрагчтай оролцож байгаа. Багш маань бол бүжгийн спортын “Moon” клубын багш О.Саранхүү багш маань байгаа. Хамтрагч маань “Star” хамтлагийн бүжигчин О.Оюунбат байгаа. Маш мундаг сайн хамтрагч шүү. Тэгээд багшдаа болон хамтрагчдаа тусалж дэмжиж байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна.

 

Таны хувьд өнөөдөр сүүлийн бүжгээ тун удахгүй бүжиглэх гэж байна. Ер нь энэ шоунд бүжиглэсэн бүжгүүдийнхээ талаар юу гэж бодож байна?

Бүжгийн спорт нь дотроо латин, стандарт гээд 2 төрөлтэй тэдгээр нь дотроо тав таван бүжигтэй байдаг юм байна лээ. Бид нар тэр 10 бүжгүүдийг бүжиглэх ёстой байсан. Миний хувьд 9-ийг нь бүжиглэчихсэн. Өнөөдөр сүүлийн бүжгээ бүжиглэх гээд байж байна. Эдгээр 10 бүжиг нь хэдийгээр тус тусдаа өөр өөр бүжиг ч гэсэн хоорондоо адил төстэй зүйлүүд, уялдаа холбоо нэлээд байх шиг санагдсан.

 

Таны хувьд эдгээр 10 бүжгээс хамгийн гоё, бас хамгийн хэцүү бүжгүүд ямар бүжиг байсан бэ?

Миний хувьд хамгийн гоё бүжиг гэвэл танго бүжиг байсан. Тэр бүжгийн маань зохиомж маш гоё байсан тэгээд шүүгчдээс хамгийн өндөр оноо болох 40 оноо авч чадсан. Яагаад ч юм танго бүжиглэхээр өөрийн эрхгүй л бүжгэндээ ороод хувираад л явчихдаг хамгийн гоё бүжиг юм шиг санагдсан. Гэхдээ 10 бүжиг маань бүгдээрээ л гоё байсан. Хамгийн хэцүү нь бол жайв бас одоо бүжиглэх гэж байгаа хурдан фокстрот буюу квикстеп бүжгүүд байсан. Маш хурдан темптэй болохоор аяа сонсохгүй алдах ч юмуу тиймэрхүү асуудалтай байсан. Тэгээд хурдан болохоор аймар олон хөдөлгөөн хийгээд л бүжиглээд л бүжиглээд л байна ер дуусахгүй (инээв). Арай гэж хэдэн хөдөлгөөн сураад л бүжиглээд үзэхээр дөнгөж 20 секунд л өнгөрсөн байдаг. Ер нь л дуусдаггүй бүжиг байсан даа (инээв).

 

Оролцогчид дундаас таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч ч юмуу шоунд хамгийн амжилттай оролцож байгаа оролцогчийг та хэн гэж бодож байна?

Муу оролцогч гэж байхгүй. Бүгд л маш сайн оролцож байгаа. Яагаад гэхээр бүгд бүхий л сэтгэл зүрхээ зориулан оролцож байгаа. Өрсөлдөгчийн хувьд тэмцээн л юм хойно өрсөлдөөн ямар нэг хэмжээгээр байгаа л байх гэхдээ өрсөлдөгчид гэхээсээ илүү маш сайхан хамт олон гэж хэлмээр байна. Ер нь л манай хамт олон бүгдээрээ л маш мундаг байгаа шүү.

 

Төгсгөлд нь шоуны талаар өөрт төрсөн сэтгэгдэлээ ч юмуу дүгнээд хэлэх зүйл байвал хуваалцахгүй юу?

Энэ шоуг зохион байгуулж байгаа “TV5” телевизийн хамт олонд ийм сайхан шоу зохион байгуулж байгаад үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Шоу маань үнэхээр энэ зуны “супер” шоу болох болноо. Тийм байлгахын тулд, үзэгчиддээ сайхан бүжиг үзүүлэхийн төлөө оролцогч бид бүхэн үнэхээр их хичээж байгаа шүү. Магадгүй үзэгчид маань биднийг буруугаар ойлгож болох юм гэсэн үүднээс хэлэхэд нэг өдрийн дотор ч юмуу маш богинохон хугацаанд сурчихдаг бүжиг гэж байдаггүй юм байна лээ. Шоуны маань бүжгээ сурах хугацаа нь богинохон байсан болохоор бид бүх боломж бололцоогоороо бэлтгэлээ хийн байж бүжгүүдээ тийм сайн биш шударгаар хэлэхэд дундаас бага зэрэг доогуур түвшинд сурсан гэж бодож байгаа. Гэсэн хэдийн ч оролцогчид маань бүх л сэтгэл зүрхээ шоундаа зориулан хичээн оролцож байгаа. Ер нь бүжгийн спортоор хичээллэнэ гэдэг нь тийм амар зүйл биш юм билээ. Хүнээс маш их хөдөлмөр, цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаарддаг юм байна лээ. Тэр их тэсвэр тэвчээр гарган сэтгэл зүрх бүх зүйлээ зориулж байгаа оролцогчид, тэдний хамтрагчид, багш нар, арын албанд ажиллаж байгаа хүмүүс гэр бүл, хамгийн гол нь шоуг маань шимтэн үздэг үзэгчид энэ бүгд шоуг маань бүтээгчид юм. Ийм олон хүний сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн учраас шоу маань амжилттай болж үзэгчид маань ч биднийг сайхан хүлээн авна байх гэж найдаж байна. Тэгээд үзэгчдээсээ оролцогч биднийгээ сайн дэмжээд өгөөрэй гэж хүсье. Ялангуяа намайг сайн дэмжээрэй (инээв). Мөн намайг дэмжиж байгаа спортынхондоо бас баярлаж байгаагаа илэрхийлье. Спортынхон маань бүгдээрээ намайг дэмжиж байгаа гэдэгт би 100% итгэлтэй байгаа. Би энэ шоуны оролцогчдоос ганцаараа спортынх байгаа. Гэхдээ ганц дайчин ганцаардахгүй гээд л хичээж байна даа. Тэгээд шоуныхаа бүх оролцогчдод амжилт хүсье. Би энэ шоунд оролцсоноороо олны танил, урлагийн ах эгч нартайгаа танил боллоо. Хоёр сар гаруй гэдэг бол багагүй урт хугацаа. Энэ хугацаанд бид бүхэн нэг хамт олон болоод бие биедээ үнэхээр их дассан байна. Үнэхээр дурсамжтай сайхан цаг хугацаа байлаа. Баярлалаа.

 

Энэ өдөр Ц.Хонгорзул болон түүний хамтрагч О.Оюунбат нар тэдний хувьд энэ шоуны сүүлийн бүжиг болох хурдан фокстрот бүжгээ бүжиглэсэн бөгөөд шүүчдээс байж болох онооноос ч дээгүүр оноо буюу 50 оноо авсан юм. Тодруулбал 4 шүүгчийн 2 нь 10 оноог 5 оноотой хамт өгсөн юм. Энэ нь тэдний үзүүлбэр шүүгчдийн сэтгэлд нийцсэн байдал нь 100 хувийг хол давсан гэдгийг илтгэж байлаа. Ингээд Ц.Хонгорзул танд хүсэлтийг маань найрсгаар хүлээн авч, халуун дулаан дотно яриаг өрнүүлсэнд нь баярлаж байгаагаа илэрхийлээд цаашдын буудлагын болон бүжгийн спортод нь өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа.

 

Үзмээ

 


Үзсэн: 3499  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!