Бүжгийн спортын “Мoon” клубын дэргэдэх “Стар” хамтлаг 2012 оны латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах бэлтгэлээ эхлээд байгаа юм байна.
Тус хамтлаг нь уг тэмцээнд 2010 оноос хойш оролцож байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн нь тэдний хувьд 3 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь юм. Тэдний тэмцээний бэлтгэлийн явц болон бусад зүйлийн талаар хамтлагийн багш дасгалжуулагч О.Саранхүү, Д.Батсайхан нартай бэлтгэлийн үеэр нь уулзаж ярилцлаа.
Сайн байна уу? Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцах цаг зав гаргасанд баярлалаа.
О.Саранхүү: Баярлалаа. Хамтлагийнхаа бүх гишүүдийнхээ өмнөөс болон хувийнхаа зүгээс www.dancesport.mn вэб сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
“Стар” хамтлагийн талаар товчхон танилцуулбал ямар вэ? “Стар”-ын бусдаас онцлог давуу тал чухам юу вэ?
Д.Батсайхан: “Стар” нь 2005 онд байгуулагдсан Монголдоо анхны хувийн клубын харьяалалтай хамтлаг. 2010 оноос хойш латин бүжгийн дэлхийн аваргын тэмцээнд оролцож өөрсдийн хэмжээнд чамгүй амжилт гаргаад байна.
О.Саранхүү: Хамтлагийн давуу тал гэвэл “Стар” бол маш сайн хамт олон гэж бодож байгаа. 2005 онд анх бүжиглэж байсан хүүхдүүдээс маань одоо ч хамтлагтаа бүжиглээд явж байгаа хүүхдүүд байгаа. Тэгэхээр Монголдоо гишүүдийнхээ насаар ер нь ахмад хамтлаг гэж хэлж болох юм. Мөн манай эрэгтэй багш маань хамтлаг бүжгийн хайрцаг, дэглэлтийг маш мэдрэмжтэй сайн дэглэдэг. Энэ нь бас манай хамтлагийн бас нэг давуу тал. Дээр нь бүжгийн спорт нь эрэгтэй эмэгтэй хосоороо бүжиглэдэг учраас энэ утгаараа эрэгтэй, эмэгтэй багштай байгаа нь манай хамтлагийн бас нэг давуу тал болох байхаа гэж боддог.
Дэлхийн аваргын тэмцээнд оролцох урилга ирсэн гэж сонссон. Урилга хэзээ ирэв ээ? Бэлтгэлээ хэзээнээс эхэлсэн бэ? Одоо бол эд бэлтгэлээ хийгээд явж байгаа юм шиг байна?
Д.Батсайхан: Урилга маань 7 сард ирсэн. “Стар” хамтлагийн тухайд өнгөрсөн 2 жилийн хугацаанд амраагүй байнгын л бэлтгэлтэй байсан гэж хэлж болно. Яг дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлийг урилга ирсэн өдрөөс л эхэлсэн гэж хэлж болох ч яг албан ёсоор бүрэн бүрэлдэхүүний бэлтгэлийг 8 сарын 15-аас эхэлсэн.
Энэ жилийн дэлхийн аварга нь яг хэзээ хаана болох гэж байгаа билээ?
О.Саранхүү: Энэ жилийн тэмцээн нь 2012 оны 12 сарын 08-д Герман улсын Бремен гэдэг хотод болох гэж байгаа.
Тэмцээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байгаа юу? Хэдэн орон оролцох, ямар ямар улсууд оролцох нь одоогоор тодорхой болсон байгаа юу?
О.Саранхүү: Энэ удаагийн тэмцээн маань Латин бүжгийн хамтлагийн дэлхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн байгаа. Яг хэдэн орон оролцох гэх мэт мэдээлэл одоогоор байхгүй байна. Гэхдээ ер нь ойролцоогоор 20 хүртэлх тооны улсууд л оролцох байх. Өмнөх жилүүдээс харахад тэднээс ихэнх нь Европын орны улсууд л байгаа байх гэж таамаглаж байна. Ази тивийн улсууд ер нь оролцдоггүй юм байна билээ.
Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд явахад хамтлагийн бүрэлдэхүүний хувьд өөрчлөлт гарсан уу эсвэл өмнөх жилийн бүрэлдэхүүнээрээ оролцох гэж байгаа юу?
О.Саранхүү: Хамтлагийн эрэгтэйчүүдийн хувьд өөрчлөлт бараг байхгүй. Харин охидуудын хувьд хэд хэдэн охин солигдсон байгаа.
Д.Батсайхан: Ер нь хамтлагийн бүрэлдэхүүн жил бүр л шинэчлэгдэж байдаг. Гэхдээ тэдгээрийн нийт гишүүдийн дотор эзлэх хувь нь маш бага байхаар. Хамгийн дээд тал нь 20 хувь ч юмуу тийм хэмжээнд л байдаг. Хамтлагийн хувьд зуун хувь хуучин гишүүдээрээ яваад байж болохгүй байнга шинэ залуу гишүүдээ оруулаад явж байх шаардлагатай байдаг.
Шинэ гишүүдээ хэрхэн сонгон шалгаруулж авдаг вэ? Тогтсон албан ёсны сонгон шалгаруулалт байдаг уу?
О.Саранхүү: Шинэ гишүүдийг тодорхой шалгуураар авдаг л даа. Ер нь бүх л хамтлагийн хувьд шинэ гишүүнээ тодорхой шалгуураар авдаг. “Стар” -ын хувьд яг тогтсон албан ёсны шалгаруулалт одоогоор байдаггүй ч тухайн тухайн үедээ шалгаруулалт хийгээд гишүүдээ авчихдаг. Гэхдээ хойшид тиймэрхүү сонгон шалгаруулалтыг байнга явуулж байх бодолтой байгаа.
Д.Батсайхан: Ер нь хамтлагт шинэ гишүүн болно гэдэг бол маш олон талын шалгуурыг тавих шаардлагатай байдаг л даа. Наад зах нь гэхэд тухайн бүжигчний бүжиглэх чадвараас гадна тухайн хүний хувь хүн талаас нь хамт олонтойгоо харилцах чадвар, аливаа зүйлд хариуцлагатай хандах хандлага гээд л олон зүйл бий. Тэр шаардлагуудыг хангаж чадахгүй бол хичнээн бүжиглэх чадвар сайтай байгаад хамтлагийн үндсэн бүрэлдэхүүнд орох боломжгүй байдаг. Ер нь хамтлаг гэдэг нь хамтаараа нэг бүхэл цул болж байж амжилтанд хүрдэг болохоор тэр утгаараа шалгуур өндөртэй гэж хэлж болно.
Тэмцээнд хамтлагийн үндсэн гишүүдтэй нийлээд хэдүүлээ явах төлөвлөгөөтэй байгаа вэ? Бусад багийн спорт шиг сэлгээний тамирчин гэдэг ойлголт ер нь байдаг уу?
О.Саранхүү: “Стар” ер нь байнга л сэлгээний тамирчинтай байдаг. Яг тэмцээнд явахад цаанаас нь зохион байгуулагчдын зүгээс нэг багийн хувьд нийт хүний тоог нь заачихсан байдаг л даа. Ихэнхдээ 24, 25 орчим хүн гээд заачихсан байдаг. Энэ удаагийн тэмцээнд бид үндсэн 16 бүжигчин, 2 дасгалжуулагч, дээрээс нь хөгжөөн дэмжигч (техникийн ажилтан гэж нэрлэгддэг) хоёр юмуу гурван хүн авч явах байх.
Тэмцээний өмнөх бэлтгэлийн тухайд мэдээж аль болох олон цагаар хийж байгаа байх л даа. Гэхдээ гишүүдийн хувьд насанд хүрсэн хүмүүс болохоор ар гэр, ажил төрөл гээд л асуудал мэдээж гардаг байх. Тэр тал дээр хэрхэн зохицуулдаг вэ?
О.Саранхүү: Энэ асуудал бол байнга л тулгардаг хамгийн хүндрэлтэй асуудлын нэг л дээ. Тэглээ гээд асуудал гарах болгонд хойш суугаад байвал бүтэхгүй болохоор аль болох боломжоороо зохицуулахыг боддог. Гишүүд маань ихэнх нь ажил төрөлтэй учраас аль болох ажлын бус цагаар бэлтгэл хийдэг. Үүний хажуугаар заалны асуудал бас хүндрэлтэй байдаг. Хамтлагийн бэлтгэл учраас том хэмжээтэй заал шаардлагатай, дээрээс нь саяханаас ашиглагдаад байгаа шинэ спорт цогцолборын заалыг эс тооцвол манай улсад одоогоор бүжгийн зориулалтын том заал байхгүй болохоор аль нэг спорт заалны тэмцээн уралдааны хуваарийг дуусахыг хүлээхээс өөр аргагүй болдог. Заал олдлоо гэхэд тэр нь мэдээж өндөр түрээстэй учраас удаан хугацаагаар бэлтгэл хийхэд бас хүндрэлтэй байдаг.
Монголын Бүжгийн Спортын Холбооны зүгээс эсвэл тухайн гишүүдийн албан байгууллагын талаас тухайн тамирчдад бэлтгэлийн үеэр ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх тийм зүйл байдаг уу? Жишээлбэл: бэлтгэлийн үеэр тухайн тамирчдыг ажил, хичээлээс чөлөөлөх гэх мэт
О.Саранхүү: Холбооноос чөлөө олгох хүсэлт шаардлагатай бол албан байгууллагад нь өгөх бүрэн боломжтой байдаг ч тийм хүсэлт тавьлаа гээд чөлөө өгөх байгууллага байна, өгөхгүй ч байгууллага байдаг л даа. Чөлөө олголоо гэхэд цалинтай, цалингүй чөлөө олгох тал дээр өөр өөр байдаг л даа. Хүүхдүүд маань өөр өөрсдийн гэсэн амьдралтай болохоор цалингүй чөлөө авбал бас хэцүү шүү дээ. Гэхдээ тэмцээний хугацаа бүр ойртсон үед бол хүүхдүүд маань ямар ч байсан чөлөө авах шаардлагатай болдог. Өмнөх жилүүдэд бол “Улаанбаатар-Төмөр зам”-аас тэнд ажилладаг манай нэг бүжигчинд 2 жил дараалаад цалинтай чөлөө олгож байсан. Энэ нь бидний хувьд бас л их баярлууштай зүйл болсон.
Энэ тэмцээнд явахад санхүүгийн талаар ч юмуу дэмжлэг үзүүлж байгаа ивээн тэтгэгч байгууллагууд байгаа юу? Тиймэрхүү байгууллагуудтай хэрхэн холбоо тогтоодог вэ?
О.Саранхүү: Ивээн тэтгэгчидтэй голдуу тоглолтын гэрээ хийх маягаар л холбоо тогтоодог. Ер нь ивээн тэтгэгч олно гэдэг бол үнэхээр хэцүү ажил юм байна гэдгийг би өнгөрсөн 2 жил мэдэрсэн л дээ. Ялангуяа манай хамтлагийн хувьд бол ивээн тэтгэгч зайлшгүй шаардлагатай байсан. Манайхаас бусад “Улаан сарнай”, “Хатантуул” гээд хамтлагуудын цаана нь бүхэл бүтэн том сургууль нь байдаг болохоор тэр тал дээр арай боломжийн байдаг байж магадгүй юм л даа. Манай улсын хувьд бүжгийн спорт гэдэг маань харьцангуй залуу спорт болоод ч тэр үү хүмүүс тэр бүр мэддэггүй юм шиг байна билээ. Яг бүжгийн спортыг мэддэг, их бага ямар нэг хэмжээнд мэдэрчихсэн тийм хүн бол арай өөр ханддаг л даа. Өмнөх жилүүдэд бидэнд тусалж ивээн тэтгэж байсан байгууллагууд гэвэл JCI, Их хүрээ… гэх мэт хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байгаа. Мөн бидний хувьд хамгийн том тус хүргэсэн “Байгаль” салоны Байгалаа эгч болон тэдний хамт олон байна. Тэд бидний тэмцээний хувцасыг маань үнэ төлбөргүй оёж өгсөн. Дээрээс нь бидний хувьд хамгийн том ивээн тэтгэгчид бол бидний найз нөхөд, ар гэрийнхэн байдаг. Тэр хүмүүсийн сэтгэлзүйн болон эд материалын туслалцаа бидэнд хамгийн том тус болдог доо. Энэ жилийн хувьд бид өмнөх жилүүдийг бодвол санхүүгийн асуудлаа арай өөрөөр шийдээд хүүхдүүд маань замын зардлаа өөрсдөө гаргаад клубын зүгээс тэмцээний хувцасыг олгохоор болсон. Ер нь дэлхийн аваргын тэмцээнд оролцоно гэдэг бол хүүхдүүдийн маань хувьд маш том аз завшаантай, тал бүрийн ашигтай, маш дурсамжтай үйл явдал болохоор ийм шийдэлд хүрсэн. Энэ нь ч хүүхдүүдэд маань таалагдаж байгаа.
Тэмцээний хувцас гээд бусад бэлтгэл ажлын явц хэр байна?
О.Саранхүү: Жилээс жилд л бид хувцасны тал дээр ямар нэг хэмжээгээр туршлагатай болж байгаа хэлж болно. Эхний жил гэхэд бид тэмцээндээ очоод өөрсдийнхөө хувцаснаас бараг ичиж байлаа (инээв). Ер нь бүжгийн спорт нь угаасаа чамин, тансаг байх шаардлагатай болохоор ч тэрүү тэмцээнд оролцож байгаа хамтлагуудын хувцас хэрэглэлийн чимэглэл зэрэг нь үнэхээр тансаг байх шаардлагатай байдаг. Бид нарын хувцсанд хэрэглэгддэг нэг ширхэг шигтгээ л гэхэд энд 800 төгрөгөөр зарагддаг шигтгээ байдаг. Тийм болохоор хувцсанд бусад спортыг бодоход арай илүү зардал шаардагддаг. Энэ жил бид хувцасны тал дээр өмнөх жилүүдийгээ бодоход нэг их санаа зовохгүй харьцангуй тайван байгаа. Учир нь бид өмнө нь хувцасныхаа материал, бусад чимэглэл зэрэг зүйлсээ сонгох, хайж олоход нэлээд хугацаа зарцуулдаг байсан бол энэ жил тэгэх шаардлагагүй болсон байгаа. Тиймээс хувцсандаа санаа зовохоос илүү бэлтгэлдээ анхаарал хандуулж байгаа.
Бүжгийн бэлтгэлийн явц хэр байгаа вэ?
Д.Батсайхан: Энэ жил бүжгийн хувьд өмнөх бүжгэн дээрээ ер нь тулгуурлаад бага зэргийн өөрчлөлт оруулаад бүжиглэх гэж байгаа. Энэ жил гол нь өмнөх жилийнхээ алдаа дутагдлаа аль болох засаад бүжгээ илүү өөрийн болгох тал дээр ажиллаж байгаа. Мөн МБСХ-оос Мөнгөнхуяг багш заавар зөвлөгөө өгөөд ажиллаж байгаа. Энэ нь бидний бүжгийн бэлтгэлд маш чухал байр суурь эзэлж байгаа.
Тэмцээн маань 12 сарын 8-д болох юм байна. Тэгэхээр тэмцээн болох газар руу хэзээ явахаар төлөвлөж байна? Тэмцээн болохоос өмнө нь очоод тэндээ бэлтгэл хийх, тамирчдаа тэнд нь дасгах тийм ойлголт байдаг уу?
О.Саранхүү: Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулж байгаа тэмцээнүүдэд оролцоход яг тэмцээн болж байгаа өдрүүдэд байрлах буудал, өглөөний хоол гэх мэтийг даадаг. Хамтлагийн бүжгийн төрөлд хамтлагууд тэмцээн болохоос нэг өдрийн өмнө талбай дээрээ 20 минутын хугацаанд бэлтгэл хийх боломж олгодог. Бүжигчдийг дасгах гэсэн ойлголт бол байдаггүй. Манайхны хувьд цагийн зөрүү нь гараагүй байхад л тэмцээндээ ордог. Тэр нь тамирчдад нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй л дээ.
Хамтлагийн бүжигчдээрээ бахархах, тэднийг хайрлах үе байнга л гардаг байх?
О.Саранхүү: Тэгэлгүй яахав. Ялангуяа тэмцээнд очоод өөрсдийн хүсч байсан хэмжээнд амжилттай оролцох үед хүүхдүүдээрээ бүр ч их бахархах сэтгэл төрдөг. Учир нь бидэнтэй хамт дэлхийн шилдэг 10 хамтлагт шалгараад байгаа орнуудын хамтлагийн бүжигчид гэхэд л байнгын бэлтгэл сургуулилт, цалин тэтгэмжтэй байдаг бол манайхан бүгд л өөр өөрийн гэсэн мэргэжил, ажилтай хүмүүс байдаг болохоор 100 хувь өөрсдийн хүсэл зорилгоор л явдаг. Нэг зүйлийг сонирхуулж ярихад тэмцээнд оролцож байгаа орнуудын хамтлагийн бүжигчдийн эдлэл хэрэглэл гээд л бүхий л зүйл нь маш сайн байдаг. Тэдэнд ижилсээгүй нэг ч зүйл байхгүй шахам л бүх зүйлийг жижиг гэлтгүй ижилсүүлсэн байдаг. Тэднийг харахад л сүрдмээр, биширмээр байдаг. Харин манайх тэр болгонд төдийлөн анхаарч хөрөнгө мөнгөө зарцуулах боломжгүй нь харамсалтай. Тэглээ гээд хүүхдүүд маань сэтгэл санаагаар унаж, айж сандраад байх явдал гардаггүй улам л эрч хүчтэй болж байх шиг санагддаг. Энэ нь магадгүй Монгол хүний төрөлхийн зан араншинтай бас холбоотой ч юмуу (инээв). Хүүхдүүд маань тэр алдартай хамтлагуудын хэмжээнд хүрэхээр тийм хэмжээний эд материалын хангамжгүй байдаг ч гэсэн тэр болгонд шантралгүй өөдрөг, эрч хүчтэй байдагт нь хүүхдүүдээрээ үнэхээр их бахархдаг. Мөн манай Монголчууд бусад багийн спортын төрлүүдээр хараахан том амжилт гаргаагүй байхад дэлхийн аваргын тэмцээнд шилдэг 10 хамтлагийн нэгээр шалгарна гэдэг бол манай улсын багийн спортын төрөлд том амжилтын эхлэлийг авчирсан байх гэж би хувьдаа бодож байгаа. Гэтэл бүжгийн спорт нь харьцангуй залуу спорт болоод ч тэр үү хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй учраас хааяа хамтлагийн гишүүдийнхээ өмнөөс бага зэрэг гомдох ч гэмээр юмуу тиймэрхүү сэтгэгдэл төрдөг шүү. Нэг жишээ ярихад спортынхоны шагнал гардуулах нэг үйл ажиллагаанд манайханд шагнал гардуулахдаа хамтлагийг биш тухайн нэг тамирчинг шагнадаг төрөлд хамруулан 16 хүний дунд нэг шагнал гардуулж байсан. Гэсэн ч өнгөрсөн жил бүжгийн спортын холбоо маань шилдэг холбоогоор шалгарлаа. Үүнд манай хамтлагийн болон “Улаан сарнай” хамтлагийн дэлхийн аваргын тэмцээнд үзүүлсэн амжилт бага ч болов нөлөөлсөн байх гэж боддог шүү.
Хамтлагийн зорилт зорилго юу вэ? Ер нь ирээдүйгээ хэрхэн харж байна?
Д.Батсайхан: Бидний хамгийн ойрын зорилго бол бүжгийн спорт өндөр хөгжсөн газруудаас туршлага хуримтлуулах, энэ спортын хувьд Монголчууд хаана нь яваад байгааг мэдэх, эх орноо гадаад улс орнуудад бага ч болов таниулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах юм. Тийм болохоор цаашдаа “Стар” өмнөх амжилтуудаа бататган илүү амжилт гаргахыг зорин ажиллаж байна.
Бэлтгэлийн үнэтэй цагийг надад зарцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Энэ удаагийн тэмцээндээ өмнөх жилүүдийн амжилтаа бататган илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
О.Саранхүү: Баярлалаа.
2012 оны 12 сарын 08-ны тэр өдөр “Стар” хамтлагийнханд маань аз, амжилтыг авчирсан дурсгалт нэгэн өдөр болоосой гэж бүжгийн спортод хайртай, эх орноороо бахархдаг Монгол хүн бүр хүсч байгаа байх. “Стар” -ынхан маань тэр өдөр Бремен хотын тэнгэрт түгэх түм түмэн одод шиг тэр тэмцээнд оролцож байгаа хамтлагууд дунд эх орноо төлөөлсөн нэгэн гэрэлтэй, тод “од” нь болж гялалзахыг хүсье. Тэр л одны хэр тод гэрэлтэх нь “Стар”-ынхан та бүхний гарт байгаа шүү.
Б.Үзмээ