Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Дорнод аймагт анх удаа улсын чанартай тэмцээн

Өнгөрөгч нам гарагт Дорнодчууд Бөхийн өргөөндөө цугларч бүжгийн спортоор амьсгаллаа. Монголын Бүжгийн Спортын Холбоо, Дорнод аймгийн БСХолбооноос анх удаа Бүжгийн спортын улсын чанартай "Дорнын вальс-2011" тэмцээнийг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын ивээл дор зохион байгуулсан байна. Тэмцээн хосын тэмцээн ба хамтлагуудын формейшн гэсэн үндсэн 2 төрөлд зохион байгуулагдаж нийслэл Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Дорнод аймгийн 10 гаруй клубын хүүхэд, өсвөр, залуучуудын насны ангилалын 400 гаруй тамирчид ур чадвар, хурд хүчээ сорив.

Дорнодчууд бусад орон нутгаас ирсэн тамирчид, багш, шүүгчдийг аймагтаа хөл тавьсан цагаас буцаад мордох хүртэл хөл алдан зочилж үйлчлэн аймаг хошуундаа ирсэн гийчдийг тал шигээ уужуу сайхан сэтгэл, байгаа бүгдээрээ дайлан хүндэлдэг Монгол хүний зочломтгой сайхан зан өнөө хүртэл хэвээр хэвээр байгааг нотоллоо. Тэмцээнийг зохион байгуулахад Дорнод аймгийн ЗДТГ-аас онцгойлон анхаарч, тэмцээнийг ивээн тэтгэгчээр "То ван" ХХК, "Шин шин" ХХК, "Голомт" банк (Дорнод салбар), "Анчир" ХХК, Гоёл чимэглэлийн дэлгүүр, АСБЭ хэвлэлийн компани,  мэдээллийн ивээн тэтгэгчээр орон нутгийн ТВ-6, NC ТВ, "Гэгээ" телевизүүд хамтран ажиллав.
 
Хан уулын хормой, Хатан Хэрлэнгийн хөвөө тэмцээнд оролцсон хүүхэд бүрт, тамирчин бүрт ивээл хайраа хайрлаж, алдаа дутагдалгүй, ур чадвараа гүйцэт үзүүлсэн, бөхийн өргөөнд хурсан олныг баясгасан гайхалтай тэмцээн болж өнгөрөв. Үдээс өмнө Дорнод аймгийн Хаалттай тэмцээнүүд, мөн улсын чанартай бага зэрэглэлийн тэмцээнүүд болсон бол үдээс хойш формейшн хамтлагийн тэмцээнүүд, тухайн насны ангилал бүрийн хамгийн хүнд зэрэглэлийн тэмцээнүүд зохион байгуулагджээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр МБСХ Спортын хэлтсийн захирал А.Амармэнд, Мэргэжлийн бүжгийн спортын хэлтсийн захирал Д.Батсайхан нар ажиллав.
 
Хүүхэд насны Стандартын формейшнд Дорнод аймгийн "Дорнын бүжиг" клубын "Дорнын солонго-2" хамтлаг  түрүүлж, Дархан-Уул аймгийн "Свей" клубын "Свей-2", Дорнод аймгийн "Дорнын цоморлиг" хамтлагууд 2,3-р байр эзэлсэн бол Латины формейшнд Дархан-Уул аймгийн "Свей" клубын "Свей-2" хамтлаг түрүүлж, Дорнод аймгийн "Дорнын бүжиг" клубын "Дорнын солонго-2", Дорнод аймгийн "Дорнын цоморлиг" хамтлагууд 2,3-р байр эзэлжээ. Харин Өсвөр насны Стандартын формейшнд Дархан-Уул аймгийн "Свей" клубын "Свей-1" хамтлаг аваргалж, Дархан-Уул аймгийн "Вижн данс" клубын "Шигтгээ" хамтлаг, Дорнод аймгийн "Мичид" хамтлагууд 2,3-р байр эзэлсэн бол Латины формейшнд Орхон аймгийн "Стар шайнинг" клубын "Оддын гялбаа" хамтлаг аваргалж, Дархан-Уул аймгийн "Вижн данс" клубын "Шигтгээ" хамтлаг, Дорнод аймгийн "Дорнын бүжиг" клубын "Дорнын солонго-1" хамтлагууд 2,3-р байр эзэлсэн байна.
 
Хосын тэмцээний хувьд бүх насны ангилал, зэрэглэлд олон тэмцээн болсон тул бүгдийг дурьдалгүй тухайн насны ангилалын хамгийн том тэмцээнүүдийн аваргуудыг дурьдъя. Хүүхэд-2 насны ангилалын Д зэрэглэлийн 8 бүжгийн тэмцээнд Дархан-Уул аймгийн "Свей" клубын Э.Ням-Оргил, Г.Халиун, Өсвөр-1 насны Нээлттэй 10 бүжгийн тэмцээнд мөн тус клубын П.Отгонбилэг, Б.Батчимэг, Өсвөр-2 насны Нээлттэй 10 бүжгийн тэмцээнд бас л "Свей" клубын Э.Цогтбаяр, С.Мөнхцэцэг, Залуучуудын Латин тэмцээнд УБ "Мүүн" клубын Б.Энхтөр, Э.Саруулзаяа нар түрүүлжээ.
 
Бүжгийн спортын "Дорнын вальс" тэмцээн цаашид аймгийн ЗДТГ-ын ивээл дор хоёр жил тутамд зохион байгуулагдах юм.
Үзсэн: 869  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
02:29:39