Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

"Спорт бүх нийтийн төлөө" дэлхийн их хурал

Олон Улсын Олимпийн Хороо, түүнмй "Спорт бүх нийтийн төлөө" комиссоос 2 жилд Спорт бүх нийтийн төлөө Дэлхийн их хурлыг хуралдуулдаг билээ. 14 дэх удаагийн их хурал БНХАУ-ын Бээжин хотноо 2011 оны 9-р сарын 20-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Хуралд Монгол улсыг төлөөлөн МБСХ-ны женсек, МҮОХ-ны гишүүн А.Мөнгөнхуяг оролцоод ирлээ.

Бээжингийн онгоцны буудал дээр тосч авахаас эхлээд бүртгэл, зочдод тараан өгч байгаа хурлын материал, дурсгалын зүйл, өглөөний дасгалын хувцас, зочид буудал, хурлын заал танхим, нээлтийн үйл ажиллагаа,  хурлын явц, "Бүх нийтийн спорт" гэрэл зургийн үзэсгэлэн, олон нийтийн спортын үзүүлэн тоглолтууд, өглөөний дасгал (тай зи чуань), интернэтийн үйлчилгээ, их хурлын бичиг баримтуудыг хэвлэж өгөх ба орчуулгын хүлээн авагчаар үйлчилгээ, кофе ба үдийн хоолны завсарлага, их хурлын аюугүй байдал, харуул хамгаалалт, тээврийн үйлчилгээ, Олимпийн хотхонд айлчлах, Бээжин хотын урлагийн үзүүлбэр үзүүлэх (Бээжин ший янгуу ба акробатик), хаалтын үйл ажиллагаа, нисэх онгоцны буудал хүртэл үдэн гаргах хүртэл бүхий л үйл ажиллагаа маш өндөр зохион байгуулалттай болж өнгөрлөө.
 
Их хурлын албан хэл нь англи, франц, хятад хэл байв. Нээлтийн ажиллгаанд ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггэ, Бүх нийтийн спорт комиссын дарга Сэм Рамсами, ОУ-ын спортын холбоодын Ерөнхийлөгчид, Бээжин хотын захиргааны төлөөлөгчид зэрэг олон хүмүүс оролцов.

Хурлын зарим хэсгийг хоёр өөр өрөөнд нэгэн зэрэг явуулж байсан (Workshop 1 & Workshop 2, Parallel session 1 & Parallel session 2) учраас хүмүүс хөтөлбөрөө харж байгаад сонирхсон илтгэлүүдээ орж сонсож байсан нь цаг хэмнэсэн илүү үр дүнтэй санагдсан. Харин зарим чухал илтгэлүүдийг нэгэн том танхимд (plenary session) хийж байв.

Их хурлын ерөнхий агуулга:
Хурал дээрх илтгэлүүд дээр тухайн илтгэгч өөрийн улс орондоо хэрэгжүүлж байгаа хүн амыг эрүүлжүүлэх төсөл, бодлого, түүнээс гарсан үр дүнг тайлагнаж байв. Аливаа улс үндэстний хөгжлийн (мөн тусгаар тогтнол, батлан хамгаалах) гол тулгуур бол хүн амын эрүүл мэндийн асуудал ба хүн амыг эрүүл чийрэг байлгах гол хүчин зүйл бол бүх нийтийн спорт буюу нийтийн биеийн тамир юм байна. Үүнд явган алхах, гүйх, дугуйгаар явах, цасан дээр тоглох, спорт тоглоом тоглох, бүжиглэх, амьсгалын дасгал хийх, усанд сэлэх, аялах, аэробикээр хичээллэх зэргээр хүн амаа чийрэгжүүлж байгаа туршлага, судалгааны ажлаасаа илтгэн танилцуулж байлаа.

Их хурлын үеэр нээгдсэн “Бүх нийтийн спорт” гэрэл зургийн үзэсгэлэнд Итали, БНХАУ, Япон, Украйн, Морокко, Куба, Франц, Тайланд, Этиоп, Индонез зэрэг улсууд өөрсдийн улсын хүн амыг эрүүлжүүлж чийрэгжүүлэхэд бүх нийтийн спортыг хэрхэн ашиглаж байгаа туршлага, судалгаанаасаа дэлгэн үзүүлсэн байлаа. Хүн амыг биеийн тамираар хичээлүүлэхэд засгийн газар, орон нутгийн төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллагууд,  спортын холбоод , клубууд нэгдсэн бодлого хэрэгжүүлж байж амжилтанд хүрсэн байлаа.

2010 онд ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггэ, ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан нар хоёр байгууллагын хоорондын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Санамж бичиг нь хүн амын халдваргүй өвчлөлийг бууруулах гол хүчин зүйл бол биеийн тамир гэсэн гол утга санаатай байлаа.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Архаг өвчлөл ба эрүүл мэндийг дэмжих хэлтсийн зохицуулагч Тимоти Армстронгийн “Биеийн тамир ба эрүүл мэнд” гэсэн илтгэлд 2008 онд дэлхийд 36 сая хүн халдварт бус өвчнөөс болж нас барсан ба үүний шалтгаан нь тамхидалт, архидалт, эрүүл бус хүнс, биеийн тамираар хичээллээгүй байдлаас болсон гэж дурьдсан. Хүн амын ялангуяа хүүхэд, сурагчдын дунд биеийн тамираар хичээллэх явдал багассанаас жингийн илүүдэл 1990 оноос хойш тасралтгүй өсч байна. Биеийн тамир нь зүрхний титэм судасны өвчлөл, зүрх судасны өвчлөл, цусны даралт ихдэх, чихрийн шижин ба таргалалт, ясны эрүүл мэнд, хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдар, сэтгэл санааны айдас, дарамт зэрэг өвчлөлөөс сэргийлэх гол хүчин зүйл болдог байна.

Ер нь хүн өдөр бүр ядаж 30 минут, харин залуу хүн 60 минутын идэвхитэй хөдөлгөөн хийж ясны эрүүл мэнд, булчингийн хүч, уян хатан чанараа дээшлүүлж байх хэрэгтэй ба үүнд эцэг эхчүүдийн оролцоо маш чухал юм байна. Дунд сургуульд долоо хоногт 120-150 минут, ахлах сургуульд 150-225 минут биеийн тамирын хичээл орох хэрэгтэй. Хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэхийн тулд сургууль, эцэг эх, эрүүл мэндийн төв, нөхөрлөлүүдийн хоорондын холбоог сайжруулахад Орон нутгийн захиргаа оролцох нь чухал. Спортын байгууллагууд, холбоод, Олимпийн хороод хүүхэд залуусын насны онцлог, авъяас чадвар, хувийн зан чанарт тохирсон биеийн тамир ба бүх нийтийн спортын урт (50 жил) ба богино (3, 5, 10 жил гэх мэт) хугацааны хөтөлбөрийг боловсруулах; эмнэлэг, биеийн тамирын боловсролын байгууллага, спортын мэргжлийнхэн, спортын эмч, эмч, хоол хүнсний мэргэжилтнүүд зэргээс бүрдсэн ажлын хэсгийг бий болгох; хүүхэд залуучуудын дунд спортын тэмцээн арга хэмжээнүүдийг тогтмол явуулах; тэднийг цаашид спортгүйгээр амьдрах боломжгүй болтол хэвшүүлж сургах нь чухал юм байна.

Ер нь биеийн тамир, спортоор хичээллэх нь хүний эрх бөгөөд Засгийн газар хүмүүсийг энэ эрхээ эдлэх боломжоор хангах үүрэгтэй юм байна.

Бидэнд хамгийн ойр урд хөрш БНХАУ-ын туршлагаас харахад л бүх нийтийн спортыг хөгжүүлэхэд маш амжилттай ажиллаж байна. Бүх нийтийн дунд Ци-Гун амьсгалын дасгалыг сурталчлан дэлгэрүүлж бараг бүх муж, хот, тосгон бүрд Ци-гуны салбар хороо, зөвлөлтэй болсон байна.  Бээжингийн Олимпийг зохион байгуулахын өмнө тэд “ард түмний Бээжин”, “өндөр технологитой Бээжин”, “ногоон Бээжин” гэсэн уриа тавин ажиллаж хотоо хорт утаагүй, цэвэр цэмцгэр байлгах, бүх нийтийн спортыг дэмжсэний үр дүнд хүн амын дундаж насыг 80,8 насанд хүргэжээ. Бээжингийн орчмын агаар дахь азотын давхар ислийн хэмжээг 50 бууруулсан байна. БНХАУ-ын “Биеийн тамир, спортын хууль” (1995 он), Үндэсний фитнессын хөтөлбөр, Бүх нийтийн спортын хөтөлбөр, Үндэсний фитнессийн журам (2009 он), Үндэсний Фитнессийн шинэ таван жилийн төлөвлөгөө (2011 он), Дунд сургуулийн биеийн тамирын боловсролын журам, Үндэсний оюутны биеийн тамир, фитнессийн стандарт зэрэг хууль журам боловсруулан гаргажээ. Нийт 805’080 спортын талбай, тоног төхөөрөмж, стадион байгуулсан байна. Жил бүрийн 8-р сарын 8-ны өдрийг Үндэсний фитнесийн өдөр болгов. Бүх нийтийн дунд Тайзичуан, бүжгийг дэлгэрүүлэн хөгжүүлсэн байна. Энэ бүхний үр дүнд хүн амйн эрүүл мэндийн түвшин дээшлэж, хүүхдийн биеийн өсөлт нэмэгдэж, илүүдэл жинтэй хүүхдийн тоо буурсан байна.

Үзсэн: 1213  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
01:52:08