Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Бүх нийтийг эрүүл чийрэг байлгахын төлөө МБСХ-ны ЕНБД-аас гаргасан саналууд

"Спорт бүх нийтийн төлөө" дэлхийн их хуралд оролцоод ирсэн женсек маань 11-р сарын 11-ны өдөр болсон спортын холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит хурал дээр илтгэл тавьж дараах саналуудыг МҮОХ болон спортын холбоодод хүргэсэн байна. Үүнд:

1. Архи тамхитай орчинд эрүүл мэнд, спортын амжилт гэж байхгүй. Тиймээс эхлээд биеийн тамир, спортын байгууллага, клуб, дасгалжуулагч, тамирчдын дунд “Архи, тамхигүй спорт” гэсэн хөдөлгөөн өрнүүлэх, спортын байгууллагуудын аливаа ой, баярын арга хэмжээ, хүлээн авалтыг архигүй тэмдэглэх. Цаашид Олимпийн медальтан, спортын алдартнуудаар дамжуулан ард түмний дунд телевизээр "Архи тамхигүй эрүүл аж төрөх ёс"-ыг сурталчлуулах (“Дөч хүрч дөнгөж амс ...” гэсэн сургаалийг өвөг дээдэс маань зүгээр нэг хэлээгүй байлгүй)
 
2. Эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүн тухайлбал, ясны сийрэгжилт, сахарын өвчин, жингийн илүүдэл, судасны хатуурал үүсгэдэг хийжүүлсэн ундаа (Кока кола, Пэпси кола, Спрайт гэх), зун цагт холестерин ихтэй малын мах идэх зэргийн хор холбогдлыг Олимпийн алдартнуудаар дамжуулан сурталчлах. Дээрх бүтээгдэхүүний сурталчилгаанд биеийн тамир, спортын салбарынхныг (жишээлбэл Асашёрү Дагвадорж) оролцуулахгүй байх. Харин эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоо, будаа гурил, монгол малын сүү, сүүн бүтээгдэхүүн, монголын ой хөвчид ургасан жимс, самрын ая холбогдлыг спортынхны дунд, улмаар спортынхноор дамжуулан ард олны дунд сурталчлах. Жирийн ард түмэн нэр хүндтэй хүмүүсээ л үлгэрлэн дууриана шүү дээ.

3. Тэнэмэл хүүхдүүд, манайхны ярьдагаар “хүмүүжлийн доголдолтой” хүүхдүүдийг спортоор дамжуулан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх. Үүнд спортын клубуудыг уриалах. Жишээлбэл: 2012 онд Бүжгийн спортын клуб бүрд дор хаяж нэг “хэцүү” хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр сургалтанд хамруулах.

4. Долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр бүрийг бүх нийтээр дугуй унах, алхах өдөр болгох.

5. Биеийн тамирын зөвлөх цэгүүдийг байгуулах. Үүнд өрхийн эмнэлгүүдийг түшиглэж болох санаа байна. Хүүхэд, залуусын спортоор хичээллэж бие бялдраа хөгжүүлэхэд эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх. Ахмад настнуудыг биеийн тамирын дасгал хөдөгөөнд хамруулах.

6. Нийтийн спортыг хөгжүүлэхийн тулд хот төлөвлөлтөнд бүх нийтийн спортын байгууламжуудыг тусгуулах. Үүнд: хүмүүс амарч зугаалах цэцэрлагт хүрээлэнгүүдийг байгуулж тэнд фитнесийн төхөөрөмж суурилуулах, орон сууц ба албан газруудын барилгыг явган алхах, гүйлтээр хичээллэх зам болон нийтээрээ дасгал хийх талбайтайгаар барих, хүүхэд залуусын ихээр сонирхдог спортын гол хэрэгсэл болох дугуйн зам, ил задгай усан бассейн, спортын тоглоомын талбай, ахмадуудад зориулсан бүжгийн талбай, заал барих. Дүүргүүдийн дарга нарын жил бүр худлаа хайс сольж үрэн таран хийж байгаа мөнгийг чийрэгжүүлэх байгууламж, тоглоомын талбай барихад зарцуулах асуудлыг тавих. Мэдээж үүнд хууль эрх зүйн акт хэрэгтэй.

7. Бүх нийтийн спортыг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн актуудыг сайжруулан гаргах. Бүх нийтийн спортын ач холбогдлыг төр засгийн нөхдүүдэд ойлгуулах. 2012 оны сонгуулийн өмнө нам хүчнүүдтэй уулзаж тохиролцох.

8. Манайхаас бусад бараг бүх улс оронд” Биеийн тамир, спортын яам”, “Эрүүл мэнд ба Биеийн тамир, спортын яам” гэж байх юм. Харин манайд Эрүүл мэндийн яаманд спортыг хавсаргаж “Хүнийг өвчлүүлээд дараа нь эм өгөх тогтолцоо” яваад байгааг хүчтэй гаргаж тавих хэрэгтэй байна.

9. 2013 оны ОУОХ-ны Дэлхийн 15 дахь удаагийн Бүх нийтийн спортын их хурал хүртэл энэ тал дээр төлөвлөгөө гарган ажиллаж, хийсэн ажлын явц, үр дүнгээр самбар гаргаж, илтгэл тавих.

Үзсэн: 1529  |   0   1 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!