Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Монголын тамирчид олон улсын тэмцээнээс ганзага дүүрэн ирлээ.

МБСХолбооны харьяа 3 клубын тамирчид Хонг Конг улсад болсон Дэлхийн Стандартын цомын төлөөх тэмцээнд маш амжилттай оролцоод иржээ. Тэмцээний талаар "Гуа үжин" клубын багш, дасгалжуулагч Б.Сэлэнгээс тодрууллаа.

Сайн байна уу? Та бүхэн олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн маш амжилттай оролцоод ирсэн гэж дууллаа. Юуны өмнө амжилттай оролцоод ирсэнд нь баяр хүргэе. Чухам ямар тэмцээнд оролцоод ирэв ээ?

Сайн сайн байн уу. За баярлалаа. Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. МБСХолбооноос нийт 3 клуб Хонг Конг улсад болсон Дэлхийн Стандартын цомын төлөөх тэмцээнд маш амжилттай оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Яг WDSF-ийн Стандартын цомын төлөөх тэмцээнд нь Залуучууд насанд хүрэгчдийн ангиллынхан л оролцдог юм байна лээ. Харин бид түүний дагалдах WDSF-ийн нээлттэй зэрэглэлийн тэмцээнд оролцсон. 

 

Монголоос ямар ямар төрөл, насны ангилалд нийт хэдэн тамирчид оролцсон бэ?

Монголоос нийт 25 хос тамирчин 4 багшийн бүрэлдэхүүнтэй оролцсон. Тамирчид маань Хүүхэд 1, Хүүхэл 2, Өсвөр 1, Өсвөр 2, Залуучуудын ангиллын тэмцээнүүдэд оролцоод ирлээ. 


Амжилтын ганзага дүүрэн ирсэн гэсэн. Амжилтаасаа бидэнтэй хуваалцаач?

Тэгсээн хүүхдүүд маань өөр өөрийн насны ангиллын тэмцээнүүдэд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл, тусгай байруудыг тус тус өвөртлөн эх орондоо ирсэн дээ. Үүнээс жишээ дурьдахад хүүхэд 1, хүүхэд 2-ын насан дээр латины 3 төрлийн тэмцээн, стандартын 3 төрлийн тэмцээн тус тус эхний байр "Свей" клуб 2-р байранд "Гуа-үжин" клуб, 3-р байранд "Авьяас" клуб, харин тусгай байруудад бусад орны тамирчид орсон. Монголын "Свей" клуб маань хүүхэд 1, хүүхэд 2 төрөлд, залуучуудын төрөлд алт, өсвөр 1,  өсвөр 2 төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн. Харин "Авьяас" клуб охидын төрөлд алт, мөнгө, хүүхэд 1,  хүүхэд 2-ын хосын төрөлд хүрэл медаль хүртсэн. Энэ нь тоймолж бичсэн хэлбэр юм. Бүжиг болгоныг салгаж бичвэл "Гуа-үжин" клуб хүүхэд 1 стандартын 3 бүжиг буюу M09WTV кодтой тэмцээнд мөнгө, хүүхэд 1 латины 3 бүжгийн M09CRJ тэмцээнд мөнгө, хүүхэд 2 стандартын 3 бүжиг M09TFQ кодтой тэмцээнд мөнгө, хүүхэд 2 латины 3 бүжгийн M09SRP тэмцээнд хүрэл, өсвөр нэгийн охидын төрөлд F15 CJ тэмцээнд мөнгөн медал тус тус хүртсэн. Мөн үлдсэн тамирчид маань ихэвчлэн тусгай байруудад орсон. Дашрамд дурьдахад монгол тамирчид үнэхээр сайн байсан. Залуучуудын насанд Содмягмар, Тамираа хоёр маань үнэхээр шуугиулсан. Маш сайн хосуудтай өрсөлдөж 4 алтан медаль авсан. Хэд хэдэн тэмцээний дараа Хонг Конг хөтлөгч нь бүр Монгол хэлээр "Сайн байна уу Монголчуудаа" гэж мэндэлж байсан. Энэ бол биднийг үнэлж байгаагийн шинж гэж бодож байна. Хүүхэд 1, Хүүхэд 2 насанд бас л Монголчууд шуугиулаад амжсаан.

 

Тэмцээний талаар товчхон мэдээлэл өгвөл ямар вэ? Хэр өргөн цар хүрээг хамарсан тэмцээн болсон бэ? Тогтмол зохиогддог тэмцээн байсан уу эсвэл энэ жил анх зохиогдож байгаа тэмцээн юм болов уу?

Дэлхийн 30 гаруй улс орны 400-аад тамирчин оролцсон маш том тэмцээн болсон. Уг тэмцээн маань 6 дахь удаагаа зохиогдож байгаа том тэмцээнүүдийн нэг. Урьд нь бас Монголын тамирчид амжилттай оролцож байсан.

 

Мэдээж олон улсын том тэмцээн болохоор зохион байгуулалт гээд л сайхан зүйлүүд их л байсан байх. Гэхдээ тэдгээрээс бидэнд сонин болгож дуулгахад тэр нь л тийм юм байна лээ гэдэг ч юмуу тиймэрхүү зүйл байсан л байх даа?

Дэлхийн хэмжээний тэмцээн болохоор зохион байгуулалт дээд зэрэг байсан. Мөн бүжиглэх талбай, заал нь үнэхээр гоё юм байна лээ. Харин тэмцээн нь бол манайд зохиогддог л тэмцээнүүд байсан. Тийм учраас манай хүүхдүүд тэмцээнд оролцоход бэрхшээл байгаагүй зоригтой орж амжилт үзүүлсэн. Нэг онцлог зүйл нь байр шагналаа манайхан шиг олны нүдэн дээр гардуулдаггүй юм байна лээ. Гадаа самбар дээр байр эзэлсэн байдлыг гаргаад байр эзэлсэн хүүхдүүд нь нэг өрөөнд очоод шагналаа авдаг юм байна. Энэ нь зүгээр санагдсан. Манайхан шагнал гардуулах гэж л тодорхой хэмжээний хугацаа зарцуулдаг. Тэгээд тэмцээн сунжираад л..... Харин өөрсдөө очоод авах юм бол цаг хугацаа их хэмнэх юм. Манай тэмцээнүүдэд энийг хэрэгжүүлэх боломжтой гэж бодож байна. Мөн зохион байгуулалтыг нь их биширлээ.  

 

Бага насны тамирчид явсан болохоор тэдгээрийг хариуцаж авч явахад хүнрэлтэй, хөгжилтэй үйл явдлууд тохиолдсон биз дээ?Тэдгээрээс хуваалцаач?Ер нь тэр том тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод ирнэ гэдэг бол хүн болгонд дурсамжтай, мартагдашгүй үе болон үлдсэн байх.

Олон хүүхэд харицаж явна гэдэг бол маш хүнд. Хүүхдүүдийн аюулгүй байдал, амь нас гээд л маш хүнд. Монголоос явахдаа Хонг Конг хүний наймаагаар алдартай гээд сонссоныг ч хэлэх үү нилээн хяналттай яваад ирсэн. Жолооч хүн жолооч хүний хажууд сууж явахаар байнгын хөл нь чангарч явдаг гэдэг шиг л явлаа. Хөгжилтэй юмнууд ч их байсан.


Манай Монголчуудын хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгчид ямар улсын тамирчид байсан бэ?

Ер нь бүгд л маш хүчтэй байсан. Түүн дотроос Тайландчууд бүр илүү гайхамшигтай байсан. Өсвөр 1, 2 насны ангилал дээр бүжгийнх нь дэглэлт комбинаци нь мөн тэр бүжгийн комбинацийг хийж байгаа хүүхдүүдийн ур чадвар маш гайхалтай байсан. Бараг л өндөр зэрэглэлийн тамирчид шиг л байна лээ.

 

Ямарваа зүйлийн давуу болон дутагдалтай тал нь тухайн зүйлийг харьцуулах ямар нэгэн зүйл байгаа тохиолдолд л тодорч харагддаг шүү дээ. Тэр том тэмцээнд оролцож байгаа тамирчдаа хөндлөнгөөс харж байхад манай тамирчдад түгээмэл байгаа засчихмаар харагдсан эсвэл манай тамирчдын энэ нь сайн юмаа ч юмуу тиймэрхүү зүйл анзаарагдсан уу?

Манай хүүхдүүдийг хажуунаас нь харж байхад дасгалжуулагч хүний хувьд манайханд нээлттэй зэрэглэлийн бүжгийн комбинаци, дэглэлт нилээн дутмаг санагдсан. Хүүхдүүдийн хүч чадвар байна. Гол нь нээлттэй бүжгийг дэглэдэг нэг аргачилал байх шиг байгаа юм. Учир нь олон орны тамирчдыг харахаар хоорондоо нэг их өөр харагдахгүй байсан. Харин манайх нэг л өөр. Тэр л дутагдаж байсан. Хэрэв тэр аргачлалыг нь мэдэж авбал Монголчуудыг зогсоож дийлэхгүй байхаа.

 

За ингээд та бүхэнд дараа дараагийн тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа. 

За за баярлалаа. Төгсгөлд нь бүжгийн спортыг сонирхогчид болон хичээллэгсэд, багш дасгалжуулагчиддаа амжилт хүсье.

 

 

Амжилттай оролцоод ирсэн бүх тамирчид, дасгалжуулагч багш нар, тамирчдын ар гэрийнхэнд нь баяр хүргэе. Та бүхэн үүнээс ч илүү өндөр амжилт гарган хайртай спортоо Монголынхоо "ТОП" спортын нэг болгохын төлөө улам сайн хичээхийг хүсье. Та бүхний спортын зам мөр дардан шулуун байх болтугай.

 

Б.Үзмээ

 

 


Үзсэн: 6305  |   0   1 2
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!