Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Бүжгийн спорт гэж юу вэ?

1997 оны 9-р сарын 8-нд бүжгийн спортын ертөнцөд гайхамшигтай үйл явдал болсон юм. Энэ өдөр Олон Улсын Олимпийн хороо (ОУОХ) Олон Улсын Бүжгийн Спортын Холбоог ОУОХ-ны бүрэн эрхэт гишүүн, “Хүлээн зөвшөөрөгдсөн холбоо” гэж бүрэн хүлээн зөвшөөрснөө зарлалаа. Ийнхүү бүх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нь IDSF ба бүх бүжгийн спортынхны амжилтыг харууллаа. Мөн энэ явдал нь бүжгийн спортын хөгжлийн урт удаан түүх, IDSF-ийн зургаан жилийн тууштай ажиллагаа, үндэсний холбоод, бүх дэлхийн олон зуун мянган бүжигчдийн агуу их хүчин зүтгэлийн оргил нь болсон юм.

Урьд нь бүжиг нь урлагийн төрөл гэж тооцогддог байв. Өнөөдөр спортын цэнгээнт бүжгийг “спортын урлагийн төрөл” гэж тооцох болжээ. Яагаад бүжгийг спорт гэж тооцох болов? Яагаад гэвэл тэрээр бүжигчнээс спортын “жинхэнэ” төрөлд байдаг чанаруудыг шаарддаг.
 
Биеийн хүч. Цэнгээнт бүжгийг элементүүдийн гүйцэтгэлийн нийлмэл байдал эрчмээр нь мөсөн дээрх бүжигтэй харьцуулж болно. (мөсөн дээрх бүжиг нь олон багц хөдөлгөөнүүдээ ердийн бүжгээс авсан).
 
Уян хатан ба координац. Эдгээр чанарууд нь паркетан дээр манёврлах, хөдөлгөөн ба шугамуудыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай. Усанд үсрэлт, далбаат завины уралдаан, сагсан бөмбөг, тэр байтугай хөл бөмбөг, бусдаас илүү төстэй гимнастик зэрэг спортод эдгээр чанарууд мөн л адил хэрэгтэй байдаг.

Хөгжмийн ая. Бүжгийн спортын тэмцээний бүх оролцогчид уран гимнастикийн нэгэн адилаар хөгжмийн ая хэмнэлийг маш сайн ойлгож үзүүлбэрүүдээ гүйцэтгэдэг.
 
Тэсвэр хатуужил. Бүжгийн спортын тэмцээнүүд нь хагас финал хүртэлх урьдчилсан даваа ба финал гэсэн хэд хэдэн үе шатаар явагддаг. Үе шат болгон дээр хоёр минутын таван бүжгийг гүйцэтгэдэг. 1996 онд гаргасан судалгаагаар хоёр минутын нэг бүжиг гүйцэтгэж байгаа бүжигчны амьсгалын давтамж болон булчингийн хүчлэлийн түвшин нь дундын зайд яваа гүйж яваа, сэлж яваа болон дугуйгаар яваа (энэхүү хугацааны агшинд) тамирчдын үзүүлэлтүүдтэй ижил гарсан юм. 10 бүжгийн ДАШТ-ий финалистууд тэмцээний туршид 30 бүжиг гүйцэтгэдэг байна!
 
Сахилга бат ба багийн сэтгэл. Бүжгийн спорт бол багийн спорт юм. Баг нь нэг хос ч байж болно. Баг нь "формейшн" тэмцээнд оролцож байгаа 16 гишүүнээс (8 хос) бүрдсэн ч байж болно. 13 хүртэлх тооны бүжгийн хэмнэл дээр бүжиглэж, паркетан дээр багийн өөр нэг гишүүнтэй харьцангуй байрлах өөрийн байрлалаа тогтмол хянаж зохицуулж байгаа 16 хүний сахилга батад тавигдах шаардлага нь бусад төрлийн спорттой харьцуулахад хамаагүй өндөр юм.
 
Гунхсан байдал ба хэв маяг. Мөсөн дээрх бүжиг ба уран гимнастик нэгэн адилаар бүжгийн спортын амжилтын чухал бүрдэл хэсэг нь хөдөлгөөний уян зөөлөн байдал, хосын сэтгэл татам гадаад төрх байдаг.
 
Гэвч бусад ихэнх спортын төрлөөс бүжгийн ялгарах онцлог нь түүнийг зөвхөн спорт бус бас урлаг гэж тооцдогт байгаа юм.
 
"Citius, Altius, Fortius" - "Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэнээс хүчтэй" гэсэн уриа нь Олимпийн Тоглолтын үзэл санааг илэрхийлдэг. Гэвч өнөөдрийн Олимп нь бүх талаас нь авч үзэхэд м.э.ө IV-V зууны үеийнхтэй харьцуулшгүй болжээ. Энэхүү уриа нь тэмцээний эртний үзэл санааг илэрхийлдэг бөгөөд өнөөгийн Олимпийн тоглолтод орж байгаа тэмцээний бүх төрлийг илэрхийлж чадахгүй болжээ. Өнөөдрийн нийгэмд тэмцээн бол зөвхөн спортын дэвжээн дээрх бус мөн бизнес, албан тушаалын өрсөлдөөн болсон нь маргаангүй юм. Тийм учраас харьцангуй сайн ба төгс сайн, сайн ба хамгийн сайны тухай ойлголтууд хүн бүрд танил болсон.
 
Өнөөдрийн нөхцөлд Бүжгийн спортод Олимпийн уриаг хэрхэн хэрэглэх вэ? Урьд нь ритмт гимнастик болон синхрон сэлэлт Олимпод багтсаж байсны адилаар 10 жилийн өмнө бид бүжгийн спорт Олимпийн гэр бүлд багтсаны гэрч болсон. Ингэж эдгээр спортын төрлүүд Олимпийн үзэл санаанд нийцэх спорт гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм. Гүйцэтгэлийн дээд түвшинд эдгээр нь хосгүй ур чадвар ба ойлголтыг агуулдаг. Аль ч спортын дээд түвшний тамирчид өөрийн ажилдаа бие хайргүй шургуу зүтгэдгээрээ ялгардаг. Эдгээр спорт нь тэмцээний спорт бөгөөд оролцогчдоос спортын бусад арга хэмжээнүүдийн адил бэлтгэлжилтийн түвшинг шаарддаг. Гэвч эдгээр спортын нэг нь ч "Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэнээс хүчтэй" шалгуурт хамаардаггүй. Эдгээрт ”нягт нарийнаас нягт нарийн”, “гунхсанаас гунхсан” эсвэл “ур чадвараас ур чадвартай” гэсэн харьцуулалтууд тохирно.
 
Бүжгийн спорт бол хобби биш амьдралын хэв маяг юм. Шургуу бэлтгэлийн үед толгой үргэлж бүжигтээ завгүй байдаг. Чихэвч зүүгээд автобусанд хөгжим сонсоод явж байна уу эсвэл хооллож байна уу гэдгээс хамаарахгүйгээр хөдөлгөөнөө тооцоолж, шинэ сонирхолтой санаа бодож явах болно. Өөрөөр байж чадахгүй юм.
 
Бүжигчдэд бэлтгэлийн хатуу хуваарь (хичээл ба дадлага) ба тэмцээний хуваарь байх ёстой. Ихэнхдээ бүжгийн клубуудэд хичээл нь амралт, баярын өдрүүдийг хамаарахгүйгээр өдөр бүр байдаг. Бүжигчин өөрөө сурган хүмүүжүүлэгчтэй болон түүнгүйгээр хэрхэн хичээллэхээ шийдвэрлэнэ. Өндөр үр дүн хэзээ ч их ажилласнаар бус харин бодож, асуудлуудын шинэ шинэ шийдвэрүүдийг хэрхэн хайж олох явдлаас хамаарч байдаг.

Хот, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцох нь багагүй ач холбогдолтой. Шүүгчдэд мартагдахгүйн тулд “нүдэн дээр ил байж”, чансаанд байр эзэлж, тэмцээний үр дүнгийн хуудсан дээр байнга байж байх хэрэгтэй. Нэр алдартай, олонд танил байх нь нэг ч тамирчинд саад болж байгаагүй, ялангуяа бүжиг шиг хувийн спортод. Шүүгчид тухайн хосыг өөрийн ойлголтоороо бүжиг дэх туйлын зорилгоо удирдлага болгож байна уу үгүй юу гэдгээр нь дүгнэдэг. Иймээс нэгдүгээр байрыг илүү олон эргэлт эсвэл илүү хурдан хэмнэлээр өгдөггүй гэсэн үг юм.
 
Үзсэн: 208256  |  21 5

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!