Хэдий оройтсон ч гэсэн "Сарны цом" тэмцээний тухай мэдээ оруулъя. Энэ тэмцээн жинхэнэ бүжгийн спортын гэж ийм л байдаг гэдгийг тод томруунаар харууллаа. Учир нь тэмцээн дээр МБСХ-ны дүрэм журам огт зөрчигдөөгүй сайхан бөгөөд томоохон арга хэмжээ болж өнгөрлөө. Хоёр дахь өдрийн финалыг тэмцээний мэдээллэлийн ивээн тэтгэгч ТВ-9 телевиз бүтнээр нь бичсэн ба ирэх долоо хоногоос цувралаар үзэгч олны мэлмийг мялаах биз ээ.
Тэмцээний ивээн тэтгэгчээр "Хүрээ ротари", "Апти" супермаркет оролцсон ба тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсч ДБЭТ-ийн "НЮАНС" хамтлаг ая дуугаа өргөж, ДАШ Латин формейшнд 10-р байр эзэлсэн "Стар" хамтлаг бүжиглэж бэлэг барилаа.
Хосын тэмцээнүүдийн дүнг нуршилгүй хамтлагуудын формейшн тэмцээний дүнг дурьдая.
"Сарны цом-2011" тэмцээний формейшн тэмцээний Хүүхэд насны Латин формейшнаар эхэлж 8 хамтлаг өрсөлдөн финалд 6 хамтлаг үлдсэн байна. Энэ тэмцээний аваргаар Дархан-Уул аймгийн А.Амармэнд дасгалжуулагчтай "Свей" клубын "Свей-2" хамтлаг түрүүлж, Өвөрхангай аймгийн М.Батзориг дасгалжуулагчтай "Ирмүүн-3" хамтлаг 2-р, УБ хотын Д.Ганцог дасгалжуулагчтай "Гуа Үжин" клубын "Гуа Үжин-2" хамтлаг 3-р байранд шалгарав. Харин Хүүхэд насны Стандартын формейшнд Дархан-Уул аймгийн А.Амармэнд дасгалжуулагчтай "Свей" клубын "Свей-2" хамтлаг түрүүлж, УБ-ын Д.Ганцог дасгалжуулагчтай "Гуа Үжин" клубын "Гуа Үжин-2" хамтлаг удаалж, Дорнод аймгийн Н.Алтанцэцэг дасгалжуулагчтай "Дорнын бүжиг" клубын "Дорнын солонго" хамтлаг дарааллаа.
Өсвөр насны Стандартын формейшнд Дархан-Уул аймгийн А.Амармэнд дасгалжуулагчтай "Свей" клубын "Свей-1" хамтлаг түрүүлсэн бол Нийслэлийн Д.Ганцог дасгалжуулагчтай "Гуа Үжин" клубын "Гуа Үжин-1" хамтлаг, Өвөрхангай аймгийн М.Батзориг дасгалжуулагчтай "Ирмүүн-2" хамтлаг 2,3-р байруудыг эзэлсэн байна. Өсвөр насны Латин формейшнд Нийслэлийн Д.Ганцог дасгалжуулагчтай "Гуа Үжин" клубын "Гуа Үжин-1" хамтлаг түрүүлж, Орхон аймгийн Буянжаргал дасгалжуулагчтай "Стан шайнинг" клубын "Оддын гялбаа-2" хамтлаг 2-р байр, Өвөрхангай аймгийн М.Батзориг дасгалжуулагчтай "Ирмүүн-2" хамтлаг 3-р байр эзэлсэн байна.
Хүүхдүүдийн ур чадвар. латин ба цэнгээнт бүжгийн техникийг эзэмшсэн байдал эрс дээшилсэн нь харагдаж байлаа. Үүнийг багш, сурган хүмүүжүүлэгчид МБСХ-ны тэмцээний дүрэм, журмуудтай холбон тайлбарлаж байсан нь сонирхолтой юм.
Тэмцээний эцсийн дүн гарахад хосын тэмцээнүүдийн нэлээд олон төрөлд аваргалж, бэлтгэсэн гурван хамтлаг нь гурвуулаа түрүүлсэн Дархан-Уул аймгийн А.Амармэнд дасгалжуулагчтай "Свей" клуб "САРНЫ ЦОМ"-ын эзнээр тодорлоо.